Засаг даргын мэндчилгээ

Хан Хэнтий нутгий зон олныхоо амар мэндийг эрэн мэндчилье.
 91 жилийн түүхэндээ 25 жил мандан бадарч,1956 онд татан буугдаж, 1981 онд  дахин сэргэж Гурванбаян сум, Хурхын Сангийн аж ахуй болж 2000 гаруй хүн амтай түм түжигнэж бум бужигнасан, Дэд бүтэц нь томоохон хот суурины адил иж бүрэн тохижилттой өсөн дэвжиж өргөжин тэлсэн хэдий ч 1999 онд Өмнөдэлгэр сумын 7-р баг, Хурх тосгон хэмээн нэрийдэх болж, Улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийхээ больсоны улмаас Засаг Захиргааны нэгж, дэд бүтэц нь доройтож, иргэд маань зэргэлдээ сумд, хот суурин луу шилжсээр өдгөө 1000 орчим иргэдтэй болсон билээ.
2018 оноос эхлэн 2021 он хүртэл Дэд бүтэцдээ 3 тэрбум төгрөгийн дорвитой хөрөнгө оруулалт татаж чадсанаар Төсвийн байгууллагуудын барилга объектоо бүрэн сэргээлээ, 4G бүхий Үүрэн холбооны 3 оператор, Шилэн кабель, СИП кабель бүхий 0.4Ква-ын шинэ шугам, 630кВа-ын дэд станц, Шинэ гүний худаг зэрэг бүтээн байгуулалтын ачаар Сумын зэрэглэлтэй тосгон болох боломжийг бүрдүүлж чадлаа. 

              Хөдөлмөрч иргэдийн маань уйгагүй хөдөлмөрийн ачаар мал сүрэг таван төрөл дээрээ өсч түүхэндээ байгаагүйгээр 97209 мянган толгой малыг 2021 оны жилийн эцсээр тоолуулаад байна. 
Ойрын 3 жилийн дотор Газар тариалан, мал аж ахуйдаа түшиглэн 200 үнээний саалийн ферм, 5000 тонны тэжээл үйлдвэрлэх цех, 4 улирлын хүлэмжийн аж ахуй, мах боловсруулах мини үйлдвэр, 3Мвт-ын Дулааны цахилгаан станц, 100 айлын тохилог орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болсоныг сонордуулахад таатай байна.
2022 онд Гурванбаян (Дундбаян) сум байгуулагдсаны 90 жил, Хурхын сангийн аж ахуй байгуулагдсаны 40 жилийн ой тохиож буй энэ мөчид нутгийн ахан дүүс та бүхний ажил үйлс, амьдрал тань байнга дээшлэн дэвшиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ГУРВАНБАЯН ТОСГОНЫ ЗАХИРАГЧ Г.НАЦАГДОРЖ
 

2022-04-23 15:25:24